Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

Гаалийн бүрдүүлэлт

УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРААНЫ ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ

1. Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах ерөнхий бичиг баримт:

  • Үнийн нэхэмжлэх
  • Тээврийн бичиг баримт
  • Баглаа, боодлын жагсаалт
  • Ачааны манифест
  • Гаалийн болон бусад татвар, хураамж төлсөн баримт
  • Гаалийн болон бусад татвараас чөлөөлөгдсөн бол МУГЕГ-ын албан тоот

2. Шаардлагатай тохиолдолд бүрдүүлэх бичиг баримт:

  • Гадаад худалдааны гэрээ
  • Гарал үүслийн гэрчилгээ
  • Даатгалын баримт
  • Гадаад төлбөрийн баримт
  • Экспертизийн дүгнэлт
  • Өмнө бүрдүүлэлт хийгдсэн мэдүүлэг

Экспорт, импортын гаалийн бүрдүүлэлт дараах үе шаттай явагдана:

  1. Мэдүүлэх,
  2. Гаалийн бичиг баримтыг шалгах,
  3. Бараа, тээврийн хэрэгслийг шалгах,
  4. Гаалийн болон бусад татварыг ногдуулж, барагдуулах,
  5. Эзэнд нь олгох, эсхүл гаалийн хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх.

“Мэдүүлэх” гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийн талаархи шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.

Бараа мэдүүлэх хэлбэр:

  1. Бичгээр;
  2. Мэдээллийн сүлжээгээр;
  3. Зорчигч хувийн хэрэглээний эд зүйлийнхээ, мэдүүлэгч улс хоорондын шуудан илгээлтийн тухай тус тусмаар;
  4. Зорчигч улаан, ногоон гарцыг сонгох буюу үйл хөдлөлөөр

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН БУСАД ТӨРӨЛ:

  • Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт
  • Бараа урьдчилан мэдүүлэх
  • Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт
  • Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт:

Дараах бараанд гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт хийнэ.

  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа; 
  • Цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис; 
  • Мал, амьтан; 
  • Улс хоорондын шуудангийн илгээмж; 
  • Сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал; 
  • Амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа; 
  • Донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн; 
  • Хуульд заасан бусад бараа.

Барааг урьдчилан мэдүүлэх:

Илгээгч улсын нутаг дэвсгэрээс ачигдсан гадаадын барааг Монгол Улсын хилээр оруулахаас өмнө,  эсхүл хилийн гаалийн байгууллагын хяналтаас гүний гаалийн байгууллагын хяналтад орохоос өмнө тус тус урьдчилан мэдүүлж болно. Барааны дагалдах бичиг баримтын хуулбарыг гаалийн байгууллага гаргуулан авах бөгөөд бараа ирсний дараа бичиг баримтын эх хувийг хуулбартай нь тулган шалгана.

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт:

Гаалийн тухай хуульд заасан бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.

  • Барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;  
  • Барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах;

Захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх:

Мэдүүлэгч (захиалагч)-ийн гадаадад илгээх буюу хилийн чанадаас ирүүлсэн түргэн муудах, хагарч гэмтэх, ачилт, хадгалалт, тээвэрлэлтийн тусгай нөхцөл шаардагдах, улсын нууцын зэрэглэлд орох, түүнчлэн түүх соёлын дурсгалт зүйлс, валют ба валютын үнэт зүйлс, химийн бодис зэрэг бараа болон Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ажиллаж буй гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын бараа, тэнд ажиллагсдын хувийн ачаа тээшинд хийх гаалийн хяналт, бүрдүүлэлтийг захиалагчийн хүссэн газарт захиалагчийн зардлаар нь хийж болно.