Дэлхий ертөнцийн дөрвөн зүг найман зовхист бид хүрнэ.

ЗАМ ТЭЭВРИЙН САЙД М.ЗОРИГТ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр /2016.01.22/ Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Даяарчлагдаж буй өнөө үед улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа энэ үед тээврийн эрэлт хэрэгцээг хангахын тулд далайд гарцгүй манай орны хувьд Азийн болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа тээврийн олон улсын сүлжээгээр дамжуулан Ази болон хөрш орнуудтай гадаад худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын стандартын шаардлага хангасан олон улсын чанартай Хуурай боомтуудыг байгуулах замаар эдгээр орнуудтай транзит болон тээврийн үйлчилгээг либералчлах, олон улсын холбогдох гэрээ, конвенцид шинээр нэгдэн орох, олон улсын жишигт нийцсэн бүс нутгийн нэгдсэн тээврийн коридор бий болгох, нийтлэг журам, стандартыг нийцүүлэх зэрэг бодлогын шинэчлэл хийх чармайлтаа нэмэгдүүлэх шаардлага гарч байгаа болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссоос гишүүн орнуудын хүрээнд олон улсын чанартай Хуурай боомт байгуулах ажлыг санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулахаас эхлэн хэлэлцээрийн төслийг батлах хүртэлх бүхий л арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар идэвхтэй оролцож ирсэн бөгөөд хэлэлцээрийг байгуулах нь далайд гарцгүй Монгол орны хувьд ихээхэн ач холбогдолтой хэмээн үзжээ. Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 60 дугаар хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэн Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотод 2013 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын Азийн тээврийн сайд нарын 2 дугаар чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Зам, тээврийн сайд тус хэлэлцээрт гарын үсэг зурсан. 

Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улс оролцогч тал болон нэгдэж, төмөр зам болон авто замын дамжин өнгөрөх тээврийн сүлжээг хөгжүүлэхэд чиглэсэн санаачилгыг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж энэхүү хэлэлцээрийн 4.2-т “Хэлэлцээрт гарын үсэг зурсан улс хэлэлцээрийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх буюу батална” гэж заасныг харгалзан, мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 5 дугаар зүйлд “Монгол Улсын эрх бүхий байгууллагууд олон улсын гэрээний төслийн талаар хэлэлцээ хийж, эх бичвэрийг тохирсны үндсэн дээр түүнд гарын үсэг зурах, олон талт гэрээнд нэгдэн орох, тэдгээрийг соёрхон батлах, батлах замаар олон улсын гэрээ байгуулна”, мөн хуулийн 10.1-д “Монгол Улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэр, улсын хил болон хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээг”, мөн зүйлийн 2-т “Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа олон улсын гэрээг заавал соёрхон батална” гэж тус тус заасны дагуу “Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэв  хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Мэдээ мэдээлэл