Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

Тээвэр зуучийн салбар нь улс орны нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий салбар бөгөөд тухайн улсыг дэлхий нийттэй холбогч гүүр байж, эх орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулдаг чухал үүрэгтэй билээ.

Тэгвэл тус салбарын түүхэнд тодоор бичигдэх нэгэн үйл явдал өнөөдөр боллоо.Тодруулбал, Монгол Улсын анхны ачаа тээврийн онгоц болох Вoeing 737-300 өнөөдөр Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Ачаа тээврийн Боинг 737-300 онгоцыг хүлээн авах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, албаны хүмүүс, ИНЕГ-ын удирдлага, “Монголиан Эйрвэйс карго” компаний ТУЗ гишүүд, удирдлагууд оролцлоо.

"Монголиан Эйрвэйс карго” компани нь ачаа тээврийн зориулалтын Боинг 737-300 загварын агаарын хөлгийг худалдан авсан нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн тэмдэглэлт үйл явдал болсон тухай салбарынхан нь онцолж байна.

Монгол Улс нь хоёр хөрш ОХУ, БНХАУ руу олон давтамжтайгаар нислэг үйлдэх онцгой эрхтэй ч, энэ боломжоо өнөө хүртэл ашиглаж ирээгүй байдаг. Иймд ачаа тээврийн анхны онгоцтой болсноор Орос, Хятадын хооронд олон давтамжтай нислэг үйлдэх боломжтой болж байгаа юм.

Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур болон газрын ховор элемэнт зэргийг тээвэрлэхээс гадна уул уурхайн тоног төхөөрөмж, овор ихтэй бараа, онцгой ачааг тээвэрлэх бүрэн боломжтой. Мөн Дундад Азийн орнуудаас эх орондоо эко жимс болон шуурхай, онцгой захиалгат ачаа тээврийг богино хугацаанд тээвэрлэн гүйцэтгэхээр болж байна.

Гадаадын банк, санхүүгийн байгууллагуудын санхүүжилтээр “Монголиан Эйрвейс Карго” компани нь энэхүү онгоцноос гаднаудахгүй өөр нэг ачаа тээврийн хөлөг хүлээн авахаар төлөвлөж байгаа юм.

Энэхүү Бойнг-737 онгоц нь дэлхийд хамгийн их буюу 11 мянган ширхэг үйлдвэрлэгдсэн, хамгийн найдвартай хөлөг агаад 20 мянган тонн ачаатайгаар 5250 км агаарын замыг зогсолтгүй туулах чадвартай юм.

Ачаа тээврийн энэ онгоцоороо манай улс Москва, Бээжин, Токио, Шанхай, Гуанжоу, Хөх хот, Сөүл, Хонконг, Эрхүү, Улаан-Үд хотууд болон Дундад Азийн орнууд руу ачаа тээврийн зориулалтаар нислэг үйлдэх аж. Мөн "Монголиан Эйрвэйс карго” компанийн агаарын ачаа тээврийн терминал удахгүй ашиглалтад орсноор үйлчлүүлэгчдийн олон улсын буухиа шуудан болон агаарын тээврийн иж бүрэн ложистик үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлдэг болох юм.



Агаарын тээврийн салбарын ачаа тээврийн тоон үзүүлэлтийг товчхон дурдвал 2018 онд салбарын хэмжээнд тээвэрлэсэн нийт ачаа 5,339 тонн буюу өмнөх оноос 6 хувиар өссөн бол тээвэрлэсэн ачааны сүүлийн 10 жилийн дундаж өсөлт 4 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.