Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нар төр болон МТЗНХолбооны гишүүн тээвэр, логистикийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төслийн талаар санал солилцлоо. Уулзалтад ЭХЯ, ЗТХЯ, УБТЗ төлөөлөл болон УБ хотын терминалуудын удирдлагууд мөн оролцлоо. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод тээвэр зууч, логистикийн үйлчилгээ эрхэлдэг 200 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд Улаанбаатар, Амгалан, Толгойт өртөөний 362 салбар төмөр замаар дамжуулан импорт, экспортын ачаа барааг хүлээн авах, илгээх үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь түгжрэл, газар ашиглалтад сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйлсийн нэг болоод буй юм. Иймд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-иас Нийслэлийн зүүн урд зүгт, хотын төвөөс 34 км зайд, 130 га талбайд Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Уг төсөл дөрвөн үе шаттай бөгөөд 2050 он хүртэл хэрэгжинэ. Энэ оны эхний улиралд төслийн I, II шатны бүтээн байгуулалтыг, улмаар 2025 оны эхний улиралд тус төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөлөө. Хөрөнгө оруулалтад Нийслэл, хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалт оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа бөгөөд талуудын оролцоотой “ажлын хэсэг” байгуулж ажиллахаар тохиролцов.Тиймээс хувийн секторын оролцоо ихээхэн чухал байгааг онцлов.