БНСУ-ын тээвэр логистикийн Hanjin Logistics корпорац Монгол дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн алхам болгож Туушин компанитай хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа.
Өнгөрсөн Мягмар гараг буюу 3-р сарын 19-ний өдөр Сөүл хотод байрлах Hanjin Logistics корпорацын төв оффист Hanjin Logistics корпорацын Гүйцэтгэх захирал Но Сам-Суг, Маркетинг эрхэлсэн захирал Эмили Чо болон Туушин компанийн Ерөнхий захирал Намсрайжавын Зоригт нар хамтран ажиллахаар тохиролцож санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээрийн хүрээнд, тус 2 компани нь агаар, далай, хуурай замын тээврийн үйл ажиллагааг харилцан дэмжиж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагааны чадавхаа нэмэгдүүлэхийн тулд гадаад дахь логистикийн төвүүдээрээ дамжуулан хамтран ажиллахаар тохиролцов.
Мөн уг хамтран ажиллах хэлэлцээрт: Hanjin Logistics болон Туушин хамтран томоохон хэмжээний логистикийн төвийг Улаанбаатар хотод байгуулах талаар хэлэлцэв.
Hanjin Logistics шинэ түншлэлийн талаар өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлж, эдийн засаг нь улам хөгжиж, холбогдох дэд бүтэц нь өргөжин тэлж байгаа Монгол Улсын өсөлтийн чадавхыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв.
Hanjin нь Туушин компанийн орон нутгийн сүлжээг ашиглан дотоод ачаа тээврийн компаниудтай харилцах, тус улсад төрөл бүрийн логистикийн үйлчилгээ, тэр дундаа төмөр замд суурилсан зуучлалын үйлчилгээ үзүүлэх зорилготой байгаагаа илэрхийлж, олон улс дахь бизнесийн оролцоогоо бэхжүүлэхийн тулд логистикийн салбарт туршлагатай олон улсын компаниудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх зорилготой байгаа тухай дурджээ.
Одоогийн байдлаар Hanjin Logistics корпорац нь дэлхийд нийт 22 улс оронд 42 салбар нэгж байгуулснаас, өнгөрсөн жилийн 10 дугаар сард Монгол улсад Улаанбаатарт салбараа нээсэн билээ.